Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Sunday, May 31, 2015

ӨНДГӨВЧНИЙ ОЛОН УЙЛАНХАЙТ ХАМ ШИНЖ (PCOS)


Тодорхойлолт
Өндгөвчний олон уйланхайт хам шинж гэдэг нь гиперандрогенизм, овуляцийн мөчлөгийн алдагдал  мөн глюкозын тэвчил алдагдал болон гиперинсулинеми бүхий  бодисын солилцооны алдагдлаар илэрдэг хам шинж юм. 
Энэ хам шинжийн илрэл нь олон янз байдаг бөгөөд сарын тэмдэггүйдэл, олон уйланхайт өндгөвч, болон биохимийн гиперандрогенизм дээрх олон янзын тодотгол дээр нь үндэслэн өвчнийг тодорхойлсон  хэд хэдэн өвчний тодорхойлолтууд бий болсон. Роттердамын зөвлөгөөний тодорхойлсноор доорх шинж тэмдгүүдээс хамгийн багадаа хоёр нь байвал өндгөвчний олон уйланхайт хам шинж гэнэ.
1.      Эмнэлзүйн гиперандрогенизм эсвэл гиперандрогенеми
2.      Олигоановуляци
3.      ЭХО-д олон уйланхайт өндгөвч
Зарим тодорхойлолтууд эмнэлзүйд болон биохимийн шинжилгээнд илэрч буй гиперандрогенизмыг өвчний чухал шинж тэмдэг гэж онцолсон бол гиперандрогенизмыг голчилж байгаагийн эсрэг гаргасан онолууд мөн байдаг.  Илүү өргөн хүрээг хамарсан Роттердамын шалгуур нь эмнэлзүйн гиперандрогенизмыг оношлоход хэцүү байгаа өвчтөнүүдэд тохиромжтой юм.
Эмгэг жам ба эрсдэлт хүчин зүйл
Удам зүй: ӨОУХШ гэдэг нь иж бүрдэл өвчин бөгөөд  удмын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд энэ өвчний үүсэл хөгжилд нөлөөлдөг.
Өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдийн   1-р зэргийн хамаатнуудын 20-40% нь мөн энэ хам шинжтэй байдаг нь өвчнийг таллан удамшдаг болон гэр бүл хамаатан саднуудын дунд их байдгийг магадлаж байна. Өвчний тархалт болон хүндийн зэрэг нь угсаатны дагуу өөрчлөгддөг ба өмнөд Азиуд энэ өвчинд өндөр эрсдэлтэй байдаг. Өвчний эрсдэлд хүргэж буй 7β-гидроксистеройд-дегидрогеназа 6-р төрөл  (HSD17B6) гэх мэт зарим нэг генүүдийг тодорхойлоод байна.   
Умайд байх үеийн нөлөөллүүд: Умайд байх үедээ тестостероны нөлөөнд өртөх нь хойшид ӨОУХШ үүсэх урьдал нөхцөл болж болно..
Умайд байх үеийн  нөлөөллүүд нь гиперинсулинеми, гиперандрогенизм, олигоановуляци болон олон уйланхайт өндгөвч бүхий ӨОУ төст хам шинжийн үүсэлтэй холбоотой байгааг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан. Андрогены нөлөөлөл нь эстроген болон прогестероны гонадолиберинийг дарангуйлах үйлдлийг  алдагдуулснаар ялгаралтын давтамжийг нь ихсэхэд хүргэж байж болзошгүй юм.
Хүрээлэн буй орчин/амьдралын хэв маяг: хэд хэдэн амьдралын хэв маягийн хүчин зүйлүүд болон хүрээлэн буй орчны нөлөөллүүд нь илүү хүнд хэлбэрийн ӨОУХШ-н үүсэлтэй нягт уялдаатай
Суугаа амьдралын хэв маяг нь бодисын солилцооны алдагдалтай холбоотой ба жингийн илүүдэл нь олигоановуляци болон гиперандрогенизмтэй нягт холбоотой юм. Элэгний цэвэрлэх үйл ажиллагаа буурснаас болоод ӨОУХШ-тэй хүмүүст бисфенол А болон бусад хүрээлэн буй орчны андроген-устгах нөлөөтэй химийн бодисууд  илүү их хэмжээтэй хуримтлагддаг. Эдгээр нь мөн андрогены үүсэл болон инсулиний тэвчлийг бий болгоно.
Таргалалт: Таргалалт нь ӨОУХШ-н шалтгаан биш боловч энэ нь өвчний шинж тэмдгүүдийг сэдрээдэг.
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн 30-75%  нь таргалалттай байдаг. Өөхөн эдийн үйл ажиллагааны алдагдал нь глюкоз үл тэсвэржилт болон гиперинсулинеми үүсэхэд хүргэдэг ба цаашид гиперандрогенизмийн илрэлийг улам нэмэгдүүлнэ. ӨОУХШ-тэй таргалалттай эмэгтэйчүүд ановуляци, цаашилбал үргүйдлийн өндөр эрсдэлтэй байдаг.  
Эмгэг жам.
Гиперандрогенизм
  • Гиперандрогенизм бол ӨОУХШ-ийн хамгийн онцлог шинж чанар юм
  • Гиперинсулинеми болон өндгөвчний цэврүү хагарах шатны саатал нь гиперандрогенизмын сэдрэлийг нөхцөлдүүлдэг ба энэ нь өөрөө цэврүүний саатлын эрсдлийг нэмэгдүүлдэг.
    • Дээрхтэй адил өндгөвчний шинж тэмдгүүд нь мөн төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплази гэх мэт андрогены илүүдэлтэй эмэгтэйчүүдэд ажиглагдсан байна.
Мэдрэл шингэний гажуудал
  • ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд гонадолиберин дааврын ялгаралтын давтамж ихэссэн байдаг; илүү богино хугацаатай ялгаралт нь лептинжүүлэгч дааврын үүсэлтийг илт давуу дэмждэг бөгөөд үр дүнд нь цэврүү идэвхжүүлэгч дааврын үүсэлт буурдаг.
    • ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд ЛД:ЦИД-н харьцаа ихэссэн үзүүлэлттэй байдаг ба энэ нь өндгөвчинд эстроген хамааралтай андрогены илүүдэлд хүргэдэг байж болзошгүй юм.
  • ӨОУХШ- тэй өвчтөнүүд гонадолиберин гормоны илүү хурдан ялгаралттай, энэ нь өндгөвчинд гиперандрогенизмыг бий болгодог эсвэл олигоановуляци нь өөрөө эргэлдэж буй прогестероныг бууруулснаар гонадолиберин дааврын илүү хурдан ялгаралтыг дэмждэг аль нь болох нь тодорхойгүй байна.
    • Хэвийн овуляцийн үед прогестерон нь шар биеэс ялгардаг.
    • Прогестерон нь гонадолиберин дааврын ялгаралтыг удаашруулах үйлдэлтэй.
    • ӨОУХШ-н үед өндгөвчний үйл ажиллагаа буурах нь эргэлдэж буй прогестероныг бууруулж байж болзошгүй юм.
  • Умай дахь эсвэл бэлгийн бойжилтын өмнөх үеийн андрогены нөлөөлөл нь эстроген болон прогестероны гипоталамуст дарангуйлах нөлөөг бууруулж дааврын ялгаралт ихсэхэд хүргэдэг.
Инсулины тэвчил ба чихрийн шижин хэв шинж 2
  • ӨОУХШ-тэй өвчтөнүүдийн 50-70% нь глюкозын тэвчил алдагдал болон гиперинсулинеми гэх мэт бодисын солилцооны алдагдалтай байдаг.
  • Энэ нь дан ганц дотор эрхтний өөхлөлтийн үр дүн биш юм. Үүнээс илүү таргалалт болон дааврын өөрчлөлтүүд нь инсулины тэвчилд хүргэдэг нэмэлт хүчин зүйлүүд болдог:
    • ӨОУХШ-тэй өвчтөнүүд адилхан биеийн жингийн индекс болон дотор эрхтний өөхлөлттэй боловч ӨОУХШ-гүй өвчтөнүүдээс илүү их инсулины тэвчилтэй байдаг.  
  • Инсулины үйл ажилагааны тэвчил нь инсулин хамааралт глюкозын тээвэрлэлт болон өөх ба булчингийн эсийн дохио дамжилтанд гажиг үүсэний үр дүн юм. Энэ нь адипокины үүсэлт болон өөхний эдэд дохио дамжилтын зохицуулгын алдагдлын үр дүн байж болзошгүй юм. Гэхдээ энэ механизм бүрэн ойлгомжтой биш юм.
  • Үүний үр дүнд үүссэн гиперинсулинеми нь бусад эдүүдэд инсулины хэт ачааллыг үүсгэдэг ба ихэнхи тохиолдолд арьсанд нөлөөлдөг. Инсулин нь инсулин төст өсөлтийн хүчин зүйлийн рецепторт үйлчилснээр кератиноцитууд хэт өсөж хамба хилэн шиг арьсны товруунууд буюу акантозыг үүсдэг.
 Олон уйланхайт өндгөвч
  • Эмэгтэйчүүдийн 20-30%-д нь олон уйланхайт өндгөвч илэрдэг ба энэ ӨОУХШ-н оношилгоонд тийм ч чухал биш юм.
  • Олон уйланхайт өндгөвчний уйланхайнууд нь яг жинхэнэ уйланхай биш, өндгөвчний цэврүүнүүд хөгжлийн хагарах шатандаа саатсан байдаг.
  • Үүнйг дааврын гажуудлаас болж үүсдэг гэж үзэж байгаа юм:
    • Г иперандрогенизм: Өндгөвчнй мөхлөгт эсүүд тека эсүүдэд боловсорсон андростендойныг ароматжуулж эстрогенийг боловсруулж эхлэхэд зогсолт болдог. Өндгөвчин дэх 5а-н илүүдэл, андрогены бууралт нь ароматазагийн үйл ажиллагааг дарангуйлдаг ба ингэснээр цаашдийн матурацид чухал шаардлагатай эстрадиолын синтезийг бууруулдаг
    • Гиперинсулинеми: дараах механизмуудаар өндгөвчний гиперандрогенизмыг сэдрээдэг 1. Тека эсүүд дэх 17а-гидроксилазагийн үйл ажиллагааг нэмэгдүүлж мөн андростенедойн болон тестостероны үүсэлтийг дэмжсэнээр 2. ЛД болон инсулин төст өсөлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн андрогены үүсэлтийг дэмжсэнээр 3. Бэлгийн даавар холбогч глобулины (SHBG)үүсэлтийг бууруулж чөлөөт тестостероны хэмжээг өсгөснөөр
Удаан хугацааны өвчлөл

  • ·         Үргүйдэл: Энэ бол олигоановуляцийн томоохон үр дүюм. Гэхдээ энэ нь дааврын болон бусад эмгэгийн улмаас өндгөн эсийн хөгжилд гажиг үүссэний үр дүн ч байж болно.  
  • ·         Зулбалт: ӨОУХШ-тэй төрөх насны эмэгтэйчүүд зулбалтын өндөр эрсдэлтэй байдаг. Гэхдээ энэ эрсдэл  нь зулбалтын өөр нэг эрсдэлт хүчин зүйл болдог таргалалтын өндөр түвшинтэй бас хамааралтай юм.
  • ·         Зурх судасны өвчин: ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд гиперинсулинеми болон гиперандрогенизмтай холбоотой дислипидеми илэрдэг.
  •       ЧШ хэв шинж 2: ӨОУХШ-тэй өвчтөнүүдэд инсулины тэвчлийн түвшингээсээ хамааран ЧШ хэв шинж 2 үүсэх эрсдэл нэмэгддэг ба10 гаруй хувь нь  дөрөв дэх арван жилдээ ЧШ хэв шинж 2-оор өвчилж болзошгүй.
  • Хавдарууд: Гиперинсулинеми, гиперандрогенизм болон олигоановуляци нь нийлээд эндометрийн хавдар болон бусад эндометрийн өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Сэтгэцийн өвчнүүд: ӨОУХШ-тэй эмэгтэйчүүд нь сэтгэл түгшил, сэтгэл гутрал, архинд донтох, болон хоёр туйлт өвчнүүдийн өндөр эрсдэлтэй байдаг. 

Эмнэл зүйн шинж тэмдгүүд
·         ӨОУХШ-н эмнэлзүй нь олон янз байдаг бөгөөд ихэнхи шинж тэмдгүүд нь өвчний эмгэг жамтай нягт уялдсан байдаг.
    • Гиперандрогенизм:
      • Гирсутизм (үсэрхэг хам шинж)
      • Батгаших
      • Халзрах: эрэгтэй хүн шиг үс унах
    • Гиперинсулинемиa:
      • Акантоз
·         ӨОУХШ-тэй өвчтөнүүдийн нилээд хувь нь мөн таргалалттай (30-75%) байдаг ба таргалалт нь гиперандрогенизм болон гиперинсулинемигийн шинж тэмдгүүдийг сэдрээдэг гэж үздэг.
  • Өвчтөнүүдэд гиперандрогенизм эсвэл гиперинсулинемийн илэрхий шинж тэмдгүүд байхгүй байж болох бөгөөд тэдний эмнэл зүй нь бодит үзлэгийн болон биохимийн шинж тэмдгүүдээр батлагдаж байх ёстой.
Эмчилгээ
Амьдралын хэв маягаа өөрчлөх: Өндгөвчний олон уйланхайт хам шинжийн үеийн бүх шинж тэмдгийг намжаахад, мөн үргүйдэл, зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахад туслана.
Өндгөвчний олон уйланхайт хам шинжийн үеийн эхний эгнээний эмчилгээ. Дасгал хөдөлгөөн их хийх, эрүүл хооллох, болон жингээ хасах нь ӨОУХШ-н үеийн бодисын солилцооны өөрчлөлтүүдийг бууруулдаг. Биеийн жингээ 5-10%-р  хасах төдийд л сарын тэмдгийн алдагдлыг багасгах ба ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг дээшлүүлдэг байна.
Эстроген, прогестины жирэмслэлтээс сэргийлэх эмчилгээ: батга, гирсутизм, сарын тэмдгийн мөчлөг алдагдлын  эмчилгээ
Андрогены түвшинг хэвийн болгох, гиперандрогенизмийн шинжүүдийг багасгах, сарын тэмдгийг зохицуулахын тулд хэрэглэж болно. Мөн эстроген, прогестероны хэвийн түвшин алдагдсантай холбоотой сарын тэмдгийн үеийн тогтмол бус, их хэмжээний цус алдалтыг багасгахад туслана.
Анти-андроген (спиронолактон, финастерид, флутамид): батга, гирсутизмийн эмчилгээнд
Спиронолактон ба флутамид нь тестостерон, дигидротестостероны захын эдэд (ж нь: үсний уутанд) буй рецептортой нь холбогдсоноор эдгээрийг дарангуйлдаг. Финастерид нь тестостерон илүү идэвхтэй хэлбэр болох дигидротестостерон болон хувирахыг саатуулдаг, 5а-редуктазын ингибитор. Жирэмснээс хамгаалахаар  ууж хэрэглэдэг эмүүд нь андрогены ялгаралтаас сэргийлэх төвийн үйлдэлтэй ба анти-андроген эмүүдтэй хавсарч хэрэглэж болно. Гэвч анти-андроген эмүүд нь тератоген нөлөөтэй тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглодог.
Метформин: Гиперинсулинеми, глюкоз үл тэсвэржилт, ба сарын тэмдэг ирэхгүй байгаа үед хэрэглэнэ. Цусаар эргэлдэж буй инсулины түвшинг багасгах нь өндгөвчинд андроген нийлэгжилтийг хоёрдогчоор бууруулна.
Метформин нь инсулинд мэдрэг чанарыг ихэсгэх, элгэнд глюконеогенез, ба липогенез явагдахыг бууруулах замаар гиперинсулинеми, глюкоз үл тэсвэржилтийг бууруулна. Ийм учраас метформиныг 2-р хэв шинжийн чихрийн шижингээс сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг. Эдгээрийг эмчилснээр мөн овуляци өдөөгддөг.
Метформиныг кломипен цитраттай хамт хэрэглэх нь аль нэгийг нь дангаар хэрэглэснээс илүү эрчимтэй овуляцыг өдөөдөг.
Кломипен цитрат: овуляцыг өдөөнө
Кломипен цитрат нь сонгомол эстрогений рецепторыг өдөөгч. Энэ нь эстрогений тархинд очих эргэх холбоог саатуулан, фоллитропиныг ихэсгэснээр овуляцыг өдөөдөг. ӨОУХШ-н үед их хэмжээний Графын цэврүү үүсдэгээс ихрүүд (2 ихэр, “ ихэр) бүрэлдэх эрсдэл өндөр байдаг. Үүнээс гадна, кломипен цитратыг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн ихэнхид овуляци явагдах ч гэсэн зөвхөн хагаст нь л үр тогтдог. Энэ нь климофен анти-эстроген нөлөө үзүүлэн, эндометрийн ханыг нарийсгадагтай холбоотой байж болох юм. Кломипен цитратыг урт хугацаагаар хэрэглэх нь өндгөвчний үйл ажиллагааг хэт өдөөн, өндгөвчний хорт хавдрыг эрсдлийг ихэсгэдэг учраас эмчилгээг 12 үеэс илүүгээр хийдэггүй.
Гонадотропин эмчилгээ: кломипен цитрат, метформины эмчилгээ үр дүн өгөөгүй тохиолдолд рекомбинант фоллитропин ба хүний ихсийн гонадотропиныг овуляци өдөөхөд ашиглаж болно.
Экзоген гонадотропиныг фолликул үүсэлтийн физиологийн механизмийг хуурамчаар бий болгохын тулд хэрэглэж болно. Фоллитропиныг доминант фолликулыг тодорхой хэмжээнд хүргэж томруулахын тулд, хүний ихсийн гонадотропиныг овуляци өдөөхийн тулд өгдөг. Ийм эмчилгээг байнга лаборатори, дүрс оношлогооны аргуудаар хянан давхар жирэмслэлт, өндгөвчний үйл ажиллагаа хэт өдөөгдөх эрсдлийг бууруулах ёстой.
Өндгөвчний дриллинг: кломипен цитрат-д тэсвэртэй ановуляцийг эмчлэхэд хэрэглэж болдог дурангийн мэс засал
Өндгөвчний дриллинг нь түлэлт ба лазер ашиглан өндгөвчинд 10 гаруй нүх үүсгэх арга юм. Өндгөвчний бүрхүүлийн зарим хэсгийг эвдэх нь андроген үүсэлтийг багасгаснаар овуляцыг өдөөдөг гэж үздэг. Энэ арга нь гонадотропин эмчилгээтэй төстэй үр дүнтэй байж болох ч наалдалт үүсэх г.м мэс заслын хүндрэл нь анхаарал татсан асуудал болоод байна. Дурангийн эмчилгээ хийлгэх өөр бусад заалттай хүмүүст энэ эмчилгээ нь илүү хэрэгтэй байж болно.
Хуруу шилэнд үр тогтоох: Овуляцыг өдөөх бусад эмчилгээнүүдэд үр дүн өгөөгүй эмэгтэйчүүдэд үргүйдлийг эмчлэхийн тулд хэрэглэдэг.
Хуруу шилэнд үр тогтоох гэдэгт өндгөвчнөөс өндгөн эсийг аван, эр бэлгийн эстэй хуруу шилэнд нийлүүлэн хөврөл үүсгэх ордог. Дараа нь амьдрах чадвартай үр хөврөлийг эхийн умайнд суулгадаг. ӨОУХШ-тэй эмэгтэйчүүд нь ӨОУХШ-гүй эмэгтэйчүүдтэй адил амжилттай, амьд төрөлтийн хувьтай байдаг. Энэ ажиллагааны эрсдэлд олон үр хөврөл суулгаснаас үүсэх давхар жирэмслэлт, өндгөн эсийг авахын өмнө овуляцыг өдөөх зорилгоор хийсэн гонадотропин эмчилгээний улмаас өндгөвчний үйл ажиллагаа хэт ихсэх зэрэг орно.


0 comments:

Post a Comment