Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Sunday, September 28, 2014

Залуу Эмгэг Физиологич Клуб

Монгол Улсын анхны эмгэг физиологич Б.Одын нэрэмжит, Эмгэг Физиологийн тэнхмийн дэргэдэх “Залуу Эмгэг Физиологич Клуб” нь 2000 онд Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн Үйл-Оношийн Лабораторийг түшиглэн байгуулагдсан. Клубын үйл ажиллагаа дэмжигдэж 2002 оноос Монгол Улсын анхны эмгэг физиологич Б.Од багшийн нэрэмжит болон өргөжсөнөөс оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах, оюутны нийгэм улс төрийн идэвхийг дээшлүүлэх, ирээдүйд эмч болоход эртнээс бэлдэхэд нь туслах, ЭМШУИС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан тус клуб байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулсаар ирсэн билээ.
Залуу Эмгэг Физиологич Клуб дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
1. Гишүүдийн бие даан суралцах, багаар хамтран ажиллах чадварыг сайжруулж, ирээдүйд онол практикийн өндөр мэдлэгтэй эмчийг бэлдэх ЭМШУИС-ийн зорилгод клубын хэлбэрээр туслан дэмжих
2. Оюутан сурагчдыг олон нийтийн ажилд өргөнөөр татан оролцуулан тэдний идэвхи санаачлагыг урамшуулах, нийгмийн хөдөлгөгч хүчин болж төлөвшихөд нь туслах
3. Эрдэм шинжилгээ судалгааны ажилд гишүүдээ хамруулах идэвхитэй оролцож, эрдмийн ажлын мэдлэг чадвар, судалгааны арга барилд мэргэшүүлэх, ирээдүйн судлаачдыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаас гадна чөлөөт цагаа хамт олноороо зөв боловсон өнгөрөөх, аливаа бэрхшээлд хэн нэгэндээ туслаж чадах нийтэч хамт олныг бий болгох
4. Гадаадын нөхөрлөлийг бий болгож, олон орны оюутан залуустай хамтран ажиллаж нэг нэгнээсээ туршлага солилцон ажиллах
Дээрх чиглэлийн хүрээнд гишүүдээ хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна олон нийтэд чиглэсэн эрдмийн болоод хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсний заримаас дурьдвал INNOVATION эрдэм шинжилгээний хурал, INNOVATION шинжлэх ухааны сэтгүүл, “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая” сайн үйлсийн аян, “Баярлалаа багшаа” аян зэргийг онцолж болох юм. Эдгээрээс гадна бусад байгууллага, хамт олонтой хамтран олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан оролцдог.
Залуу Эмгэг Физиологич Клуб нь гишүүдийнхээ идэвх санаачлага, удирдагч багш нарын дэмжлэгээр бий болгосон үр бүтээлтэй ажлуудынхаа шимээр 2004,2005,2006 ЭМШУИС-ийн “Оны Шилдэг Клуб”, 2008 оны Улаанбаатар хотын “Шилдэг клуб”-ээр шалгарсан. Түүнээс гадна клубын гишүүд “Монгол Улсын Оны Шилдэг Оюутан”, “Эрүүл мэндийн салбарын Оны Шилдэг Оюутан”, “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Оны Шилдэг Оюутан”, “Анагаахын Сургуулийн Оны шилдэг Оюутан”, “Шилдэг Судлаач” зэргээр өргөмжлөгдөж байсны зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит, Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирлын нэрэмжит шагналуудын эзэд болсон.

0 comments:

Post a Comment