Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийн, эмгэг физиологийн профессорын багийн дэргэдэх

Monday, January 12, 2015

ХОЁРДОГЧ ГЕМОСТАЗ (coagulation cascade)

Цус бүлэгнэлтийн хоёрдогч тогтолцоо буюу 2догч гемостаз нь сийвэнгийн уусамтгай молекулуудын дэс дараалласан, нэг нэгнийгээ идэвхижүүлдэг химийн урвалуудаас тогтох ба энэ нь хэдийгээр 2догч гэсэн нэртэй боловч анхдаг гемостазтай зэрэг эхэлдэг гэдгийг механизмыг нь унших явцад та ойлгох болно. Үндсэндээ энэ тогтолцоо идэвхжихдээ гадаад болон дотоод салаа гэсэн тусдаа 2 өөр замаар эхлэх боловч эдгээр салаанууд нь тодорхой цэгт ирж нэгдэн цаашид нийтлэг салаа хэмээн нэрлэгдсэн үргэлжилж эцэстээ фибриногенээс фибрин үүссэнээр өндөрлөх болно.


Цус бүлэгнэлтийн хүчин зүйлс нь хэвийн үед цусаар идэвхгүй зимоген уураг хэлбэрээр эргэлдэж байдаг. Цус бүлэгнэлтийн хоёрдогч тогтолцоо идэвхжих үед зимоген нь дараа дараагийн зимогений тодорхой хэсгийг тасдан идэвхжүүлэх чадвартай, идэвхитэй уураг задлагч фермент болон хувирдаг байна. Энэхүү маш өндөр хяналтын тогтолцоо бүхий, хязгаарлагдмал уургийн задрал нь эцэстээ тромбиныг бий болгож мөн фибрин бүлэнг үүсгэнэ. /Зураг 13-2/


Зураг 13-3-А-д үзүүлсэн протромбин, VII, IX, X, XI хүчин зүйлс зэрэг зимогенүүд нь элгэнд нийлэгждэг ба хоорондоо өмөрмөц ижил бүтцүүдтэй. Эдгээр нь бүгд N төгсгөлдөө дохио дамжуулах пептидтэй бөгөөд XI хүчин зүйлээс бусад нь бүтэцдээ яг энэ пептидийн дараа пропептидийг агуулна. Эдгээр N төгсгөлийн хэсгүүд нь бүрэн боловсорсон зимоген цусны эргэлт рүү орохын өмнөхөн элэгний эс дотор таслагдана. Бүх 5 зимогенүүд С төгсгөлдөө том хэмжээний катализийн идэвхи бүхий домэйнтэй байх агаад зимоген идэхжих үед энэ домэйний үйл ажиллагаа нь серин протеаза идэвхитэй болж улмаар бүлэгнэлтийн тогтолцоон дахь өмөрмөцөөр дараагийн зимогений тодорхой хэсгийг таслан, идэвхижүүлнэ. Эдгээр зимогенүүдийн XI хүчин зүйлсээс бусад 4 нь сийвэнд орохын өмнөхөн Гольджийн бүрдэлд тун чухал пост-трансляцийн өөрчлөлтөнд(модификаци) орно. Зимогений бүтэц дэх пропептидийн ойролцоох хэсэгт өвөрмөц глутамины хүчлийн үлдэгдэл байх бөгөөд энэ хэсэг нь витамин К хамааралт  карбоксилжих урвалд орно. Энэхүү нэмэлт сөрөг цэнэгжүүлэлт нь түүнийг кальцийн ионтой холбогдохыг дэмжинэ.
Урьдал хүчин зүйлийн уургууд (Protein cofactors) нь ялтас болон эндотел эсийн мембрантай холбогдож зимогентой холбогдох хэсгийг бий болгох үүрэг гүйцэтгэж, фибрин бүлэн түргэн үүсэлтэнд оролцоно. Зураг 13-3-В-д үзүүлсэнээр эдийн хүчин зүйл (tissue factor) нь трансмембраны уураг бөгөөд судасны гаднах эсүүд, судасны ханын доторх эсүүд болон цусны эргэлтээр эргэлдэж буй жижиг хэсгүүдийн гадаргуу дээр байна. VIII ба V хүчин зүйлүүд нь үнэндээ про-кофактор, уусамтгай сийвэнгийн уураг бөгөөд идэвхжихийн тулд протеолитик таслалт шаардана.


Хуруу шилэн дотор, фибрин өнгөр үүсэлт нь дотоод салаагаар явагдана. /зураг 13-4/ Сийвэн хуруу шилний шилэн ханатай харилцан үйлчлэлцсэнээр XII хүчин зүйлийг идэвхжсэн XII хүчин зүйл болгон хувиргах ба XIIa хэмээн тэмдэглэнэ (a гэдэг нь activated буюу идвэхжисэн гэсэн утгыг илэрхийлнэ). XIIa нь эргээд өндөр молекул жинтэй кининогентой хавсран XI хүчин зүйлийг Xia болгон идэвхжүүлнэ. XIa нь кальцийн ион хангалттай орчинд IX хүчин зүйлийг катализэд оруулан IXa болгоно. IXa хүчин зүйл нь кальцийн ион хангалттай орчинд мембраны гадаргуу дээр идэвхжсэн VIIIа хүчин зүйлтэй бүрдэл үүсгэн Х хүчин зүйлийг идэвхжсэн Ха хүчин болгон хувиргахад оролцоно.



Гадаад салаа нь:
Эдийн хүчин зүйл цусны судасны доторх эсүүдэд экспреслэгдэнэ. Судас гэмтэхэд эдийн хүчин зүйл ил гарч бага хэмжээний хэвийн үед судсанд эргэлдэж байдаг идэвхжсэн VIIa хүчин зүйлтэй холбогдоно. Прокоагулянт бүрдэл болох VIIa/эдийн хүчин зүйлийн бүрдэл нь Х хүчин зүйлийн идэвхжсэн Ха хүчин зүйл болгон хувиргаж хоёрдогч бүлэгнэлтийн системийг эхлүүлнэ. Х хүчин зүйл Ха болж хувирах нь гадаад дотоод салаа нэгддэг цэг юм.
Амьд бие махбод дахь цус бүлэгнэлт нь илүү нарийн, төвөгтэй механизм юм. /зураг 13-5/


Дээр дурдсанаар хоёрдогч гемостазыг эхлүүлэгч анхдагч нөлөө нь гэмтсэн судсан дээрх эдийн хүчин зүйл ил гарах явдал юм. Эдийн хүчин зүйл нь ялтас болон эндотелийн плазм мембран дээрх фосфатидилсеринтэй хамт идэвхжсэн VIIa хүчин зүйлтэй бүрдэл үүсгэх ба тэр бүрдэл нь зөвхөн Х хүчин зүйлийг ч бус, мөн IX хүчин зүйлийн идэвхжилтэнд катализжуулагчаар оролцдог.
Эцсийн үр дүндээ фибриноген полимержиж фибрин болдог байна. Зураг 13-6д үзүүлсэнээр фибриноген нь Aα, Bβ, γ гэсэн 3 хос дэд нэгжээс тогтох гетеродимер бөгөөд хоорондоо дисульфидийн холбоосоор холбогдсон байдаг. Тромбины (IIa хүчин зүйл) таслах үйлчлэлээр жижиг фибринопептидүүд болох фибринопептид А болон фибринопептид В нь Aα, Bβ дэд нэгжээс харилцан үүснэ. Фибринопептид А-г хэмжих нь фибриногенийн фибринд хувирахыг илтгэх бөгөөд түүнийг хэмжих нь судсанд цус түгээмлээр бүлэгнэх хам шинжтэй өвчний үед хэрэгцээтэй байж болох юм. Тромбины таслах үйлчлэлээр фибриноген нь конформацийн өөрчлөлтөнд орж төгсгөл тус бүрээрээ болон хажуу тал тус бүрээрээ хоорондоо холбогдож ковалент бус полимер үүсгэн шугаман утаслаг үүсгэнэ. Фибрин полимерийн хүч болон үргэлжлэх хугацаа нь XIIIa хүчин зүйлээс хамааран ихсэх ба XIIIa хүчин зүйл нь фибрин утаслагуудын хоорондох ковалент холбоог катализжүүлэн үүсгэнэ. 

Дээрх сэдэвтэй холбоотой бүхий л асуултанд манай клубын хамт олон танд хариулах болно. Чөлөөтэй асуугаарай, БАЯРЛАЛАА. 

Эх сурвалж: Pathophysiology of blood disorders, H. Franklin Bunn, Jon C. Aster, 2011

0 comments:

Post a Comment